Байгууллагын товч түүх

          429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд ял эдэлж байгаа хоригдол болон урьдчилан хоригдогсдын дунд сүрьеэ өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчилж сувилах, диспансерийн хяналт тавих ажлыг цогцоор шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаар тогтоолоор чанга дэглэмтэй хорих ангийн статустайгаар Хорих 429 дүгээр анги нэртэйгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таширын аманд байгуулагдсан.

        Хорих ял шийтгүүлж ирсэн ялтны олонх нь урьдчилан хорих байрны нөхцөлд байхдаа бие нь суларч хатгаа авсан бараг бүхэлдээ сүрьеэгээр өвчилсөн байдаг түгээмэл үзэгдэл нийгэмд бий болсонтой холбогдуулан хорих байгууллага сүрьеэтэй тэмцэх ажлыг урт хугацааны туршид үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж ирсэн.

          БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 278 дугаар тогтоол, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Нийгмийн аюулаас хамгаалах яам, Эрүүлийг хамгаалах яамны хамтарсан 1076/260 дугаар тушаалаар сүрьеэ өвчтэй ялтныг төвлөрүүлэн эмчлэх тусгай эмнэлэг колони байгуулсан. 1984 онд Сэлэнгэ аймгийн мандал сумын Цагаан тохой гэдэг газарт байгуулан сүрьеэгийн эмнэлгийг Зүүнхараагийн ЗХХК-ны харьяанд ажиллуулж, 1994 онд хорих байгууллагын Нэгдсэн эмнэлгийн мэдэлд шилжүүлсэн. 1997 оноос эхлэн сүрьеэтэй хоригдлыг тусгаарлаж, Багануур болон Хонхорт төвлөрүүлэн эмчилж эхэлсэн.

          Сүрьеэтэй хоригдлыг тусгаарлан байрлуулж, эмчлэхэд зориулсан эмнэлэг тасгийн барилгыг засч тохижуулах ажил 2000 оны 11 дүгээр сараас эхлэн амжилттай явагдаж, 2001 оны 06 дугаар сард дууссан.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ын өдрийн Б/1069 дүгээр тушаалаар Хорих 429 дүгээр ангийг 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчилсөн.

          Тус ангийн даргаар 2001-2003 онд хурандаа Р.Энхбаяр, 2003-2004 онд хурандаа М.Цэнд, 2004 онд хошууч Б.Нямгомбо, 2004-2005 онд хурандаа Н.Энхтуяа, 2005-2006 онд хурандаа Ж.Сугаржав, 2006-2008 он, 2013-2014 онд хурандаа Б.Лхагвасүрэн, 2008-2009 онд хурандаа Х.Уламбаяр, 2009-2013 онд хурандаа Д.Ганхуяг, 2013-2016 онд хурандаа Цогжаргал, 2016-2017 онд хурандаа Д.Дамдинцэрэн, 2017-2019 онд хурандаа Б.Лхагважав, 2019  оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс дэд хурандаа Ж.Цэрэн-Отгон даргаар томилогдон ажиллаж байна.

Back to top button